273 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийтлэг эрх, үүрэг, түүнд хориглох зүйл
273.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч нь энэ хуулийн 271, 272 дугаар зүйлд зааснаас гадна Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.
273.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас гадна дараахь зүйлийг хориглоно:
273.2.1.хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдах;
273.2.2.албан тушаал, байгууллагын нэрээр бусдыг эрхшээлдээ оруулах, дарамтлах;
273.2.3.бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрд хохирол учруулж болзошгүй мэдээ, мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх;
273.2.4.төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бусдад задруулах, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр албан ажлын мэдээллийг нийтэд болон бусдад мэдээлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
273.2.5.албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх;
273.2.6.мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх;
273.2.7.бусдыг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийхийг уриалах, чиглүүлэх, шууд болон шууд бус хэлбэрээр өдөөн хатгах, оролцох;
273.2.8.нам, үйлдвэрчний эвлэлийн гишүүн байх, албаны бие бүрэлдэхүүний дотор аль нэг нам, үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, улс төрийн үзэл баримтлалыг сурталчлах, дэмжлэг үзүүлэх;
273.2.9.удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах;
273.2.10.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр томилогдсон ажилд очихгүй байх, ажил хаях, албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох;
273.2.11.иргэний давхар харьяалалтай байх;
273.2.12.гэмт хэрэг, зөрчлийн талаар хүнээс мэдээлэл, тайлбар авах зорилгоор эрүүдэн шүүх, эсхүл ийм үйлдлийг аливаа хэлбэрээр зөвтгөх;
273.2.13.хуулиар хориглосон бусад.
273.3.Алба хаагч нь албан тушаалын зэрэглэл, цолны эрэмбээр нэг нь нөгөөдөө захирагч, захирагдагч байна.