286 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн баталгаа
286.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагын улмаас амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.
286.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас чөлөөлөгдсөн иргэнийг урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбогдуулан эрүүл мэнд, амь насанд нь хохирол учруулсан бол энэ хуулийн 286.1-д заасан баталгаа нэгэн адил хамаарна.
286.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу Засгийн газар дараахь нөхөх олговор, тусламж олгоно:
286.3.1.хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор;
286.3.2.хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг;
286.3.3.хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүү.
286.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн авч байсан цалингийн хэмжээ нэмэгдэх бүрд энэ хуулийн 286.3.3-т заасан цалингийн зөрүүг нэмэгдсэн цалингаас шинэчлэн тооцож олгоно.
286.5.Албан үүргээ гүйцэтгэх явцад эрүүл мэндэд нь хохирол учирснаас хөгжлийн бэрхшээлтэй болсон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, уг үндэслэлээр чөлөөлөгдсөн иргэнд амралт сувиллын болон нөхөн сэргээх эмнэлгийн байгууллагад эмчлүүлэхээр очих ба буцах замын зардлыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу жилд нэг удаа олгоно.
286.6.Энэ хуулийн 286.1-д заасан зардлыг Засгийн газар хариуцан гаргаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх бөгөөд энэ хуулийн 286.3-т заасан нөхөх олговор, тусламж олгох журам, 286.5-д заасан зардал олгох журмыг Засгийн газар батална.
286.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн баривчлах байр, цагдан хорих төв, цагдан хорих байр, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, хаалттай хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, нээлттэй хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага болон харьяа бусад байгууллагад 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
286.8.Хорих ангийн алба хаагчийг эрүүл мэнд, амь насанд өндөр эрсдэлтэй онцгой нөхцөлд алба хаасантай нь холбоотойгоор шаардлагатай бол 1 сар хүртэл хугацаагаар сэтгэл зүйн нөхөн сэргээх эмчилгээнд хамруулна.