287 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

287 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эдийн засгийн баталгаа

287.1.Засгийн газар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

287.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч өөр аймаг, хот суурин газарт шилжин ажиллах болсноос шалтгаалан түүний эхнэр /нөхөр/ хөдөлмөрийн гэрээгээ цуцлахад хүрвэл түүний гэр бүлийг тэргүүн ээлжид түүний мэргэжлийн болон түүнтэй дүйцэхүйц ажлаар хангах бөгөөд ажлаар хангаагүй тохиолдолд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож улсын төсвөөс олгоно.

287.3.Ээлжийн ажил, үүрэг гүйцэтгэдэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг онцгой тохиолдолд илүү цагаар ажиллуулсан бол ажилласан цаг тутамд ногдох албан тушаалын цалинг олгоно.

287.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийг өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед болон ажлын бус цагаар, шөнийн ээлжид, хээрийн сургууль, дадлагын үеэр чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь хүнсний болон эдийн хангалтаар хангаж, хоолны зардлыг олгоно.

287.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох хүнсний болон эдийн хангалт, хоолны зардлын хэмжээг Засгийн газар тогтооно.

287.6.Аймаг, хот хооронд түүнчлэн аймаг, хот дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжин ажиллахаар томилогдсон алба хаагчид уналга, ачаа тээш, зам хоногийн зардал, түүний гэр бүлийн болон асрамжид нь байдаг хүнд уналга, ачаа тээшийн зардлыг тухайн үед мөрдөж байгаа онгоц, автомашин, төмөр замын тээврийн үнэлгээгээр тооцож олгоно.

287.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар гадаад улсын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын их, дээд сургуульд суралцагч алба хаагчийн суралцах хугацааны сургалтын тэтгэлэг, ирэх, буцах тээврийн зардлыг төр хариуцна.

287.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ:

287.8.1.төрийн тусгай алба хаасан хугацааны;

287.8.2.албан ажлын онцгой нөхцөлийн;

287.8.3.ялтан, хоригдолтой ажилласны;

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

287.8.4.мэргэжлийн зэргийн;

287.8.5.эрдмийн зэрэг, цолны;

287.8.6.хуульд заасан бусад.

287.9.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, жишиг, нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

287.10.Энэ хуулийн 287.8-д заасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид олгох цалин хөлсний нэмэгдлийн хэмжээ нь Төрийн албаны тухай хуулийн 28.12-т заасан зохицуулалтад хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.