288 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн бусад баталгаа
288.1.Аймгийн төвөөс бусад суманд томилогдсон алба хаагчийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, албаны орон сууц, уналга, холбооны хэрэгслээр хангах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээнэ.
288.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч хорих анги, шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ажилласан 5 жил тутамд Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт эдэлнэ.
288.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авна.
288.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажлын ачааллын жишиг нормативыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.
288.5.Аймаг, сумын Засаг дарга тухайн нутаг дэвсгэр дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дарга, дэд даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./
288.6.Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална. /Энэ хэсгийг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсгийн дугаарт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./