289 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах нас
289.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь:
289.1.1.бага цолтой алба хаагч 47 нас;
289.1.2.дунд цолтой алба хаагч 52 нас;
289.1.3.ахлах цолтой алба хаагч 55 нас;
289.1.4.дээд цолтой алба хаагч 57 нас;
289.1.5.бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 47 нас байна.
289.2.Энэ хуулийн 289.1-д заасан насны дээд хязгаарт хүрсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах хугацааг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно.
289.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч энэ хуулийн 289.1-д заасан насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин нэг жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
289.4.Энэ хуулийн 289.3-т заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах хугацааг сунгуулах тухай хүсэлтийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага хүлээн авч, саналын хамт хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд уламжилна. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хүсэлт, саналыг хянан 30 хоногийн дотор сунгах эсэх асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.
289.5.Энэ хуулийн 289.2-т заасан хугацаа сунгах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
289.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх төв байгууллага нь энэ хуулийн 289.1, 289.2-т заасан насны дээд хязгаарт хүрч албанаас чөлөөлөгдсөн иргэнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд туслах үүрэг бүхий ажилд гэрээгээр ажиллуулж болно.
289.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын захиалгаар суралцсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч бэлтгэх чиг үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагад ажилласан, сонсогчоор суралцсан болон цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцно.
289.8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн алба хаах насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй.
БИЕИЙН ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ҮНДЭСЛЭЛ, ЖУРАМ