290 дугаар зүйл. Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх нийтлэг үндэслэл
290.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, нэг бүрийн болон олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл, техник, галт зэвсэг хэрэглэж болно.
290.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хэрэглэх тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг, сумны жагсаалт, тэдгээрийг бүртгэх, олгох, буцаан авах, хадгалах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
290.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой хамтран батална.
290.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ дараахь нийтлэг шаардлагыг баримтална:
290.4.1.зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэх;
290.4.2.нэн тэргүүнд хэрэглэхгүй байх;
290.4.3.тухайн нөхцөл байдалд тохируулан хэрэглэх, хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх.
290.5.Биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсгийг бусдыг гутаан доромжлох, цээрлүүлэх, шийтгэх зорилгоор хэрэглэхийг хориглоно.
290.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэснээс үүссэн үр дагаврын төлөө хариуцлага хүлээхгүй.
290.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх явцад хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдолд цагдаа, эмнэлгийн байгууллагад даруй мэдэгдэн, эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, шууд захирах даргад, шууд захирах дарга нь прокурорт мэдэгдэнэ.