29 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох
29.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана:
29.1.1.гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан;
29.1.2.төлбөр авагч төлбөр авахаас татгалзаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
29.1.3.төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн;
29.1.4.төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан;
29.1.5.тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн;
29.1.6.гүйцэтгэх баримт бичигт заасан тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон;
29.1.7.төлбөр төлөгч-хуулийн этгээдэд холбогдуулан дампуурлын хэрэг үүсгэж хянан шийдвэрлэсэн, эсхүл татан буулгах ажиллагаа дуусгавар болоход гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хөрөнгө төлбөр төлөгчид байхгүй нь шүүхээр тогтоогдсон;
29.1.8.төлбөр төлөгч-иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, эсхүл төлбөр төлөгч, төлбөр авагч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан тохиолдолд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих боломжгүй, эсхүл шаардлагыг эрх залгамжлагчаар гүйцэтгүүлэх боломжгүй;
29.1.9.төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой үйлдэл, үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нь тогтоогдсон.
29.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч, төлбөр төлөгчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай мэдэгдэнэ.
29.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс бусад тохиолдолд энэ хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.8-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
29.4.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 29.1-д заасан үндэслэл бий болсон бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд түүнийг үргэлжлүүлэн явуулна.
29.5.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно.