41 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох

41.1.Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.

41.2.Шаардлагатай бол энэ хуулийн 41.1-д зааснаас бусад ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

41.3.Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн ашиг сонирхолгүй, өөр хоорондоо, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл ажил үүргийн холбоогүй хүнийг оролцуулна.

41.4.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

41.5.Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар санал гаргах эрхтэй.

41.6.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд хөндлөнгийн гэрчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаарыг тусгана. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

41.7.Хөндлөнгийн гэрчээс гаргасан саналыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд тусгах бөгөөд хөндлөнгийн гэрч хүсвэл саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр өгч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

41.8.Хөндлөнгийн гэрч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийн оролцсон ажиллагааны үйл явц, түүний үр дүнгийн талаар бичих эрхтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлтэй танилцсан тухайгаа баталгаажуулан тэмдэглэлд гарын үсэг зурах үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.