40 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч оролцох
40.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй, эсхүл сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол орчуулагч, хэлмэрчийг оролцуулна.
40.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нь орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.
40.3.Орчуулагч, хэлмэрч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, орчуулах, хэлмэрчлэхэд зайлшгүй шаардлагатай хэлний болон тусгай мэдлэг эзэмшсэн хүн байна.
40.4.Энэ хуулийн 40.1-д заасан этгээдэд орчуулагч, хэлмэрч авах хугацаа тогтоож, хэрэв энэ хугацаанд уг этгээд орчуулагч, хэлмэрч аваагүй бол шийдвэр гүйцэтгэгч орчуулагч, хэлмэрчийг томилж болно.
40.5.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдэд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй.
40.6.Орчуулагч, хэлмэрчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг орчуулуулсан, хэлмэрчлүүлсэн этгээдээс гаргуулна.
40.7.Санаатайгаар буруу орчуулсан, эсхүл хэлмэрчилсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулж, тэмдэглэлд гарын үсэг зуруулна.