43 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

43 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах

43.1.Шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч дараахь үндэслэл байгаа тохиолдолд тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

43.1.1.урьд өмнө гүйцэтгэх баримт бичиг олгосон хэргийг шалган шийдвэрлэхэд мөрдөгч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээчээр оролцож байсан;

43.1.2.талууд, эсхүл тэдгээрийн төлөөлөгчтэй төрөл, садангийн холбоотой;

43.1.3.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, эсхүл тэдгээрийн төлөөлөгчтэй хувийн харилцаатай, эсхүл тэдгээрийн шууд удирдлага, хяналтад ажилладаг, эсхүл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолтой, эсхүл шударгаар үүргээ гүйцэтгэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.

43.2.Энэ хуулийн 43.1-д заасан үндэслэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож байгаа хэлмэрч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгчид нэгэн адил хамаарна.

43.3.Энэ хуулийн 43.1-д зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч татгалзан гарахгүй.

43.4.Шинжээч Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.4 болон энэ хуулийн 43.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглоно: /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

43.4.1.албан тушаалын байдал, эсхүл бусад байдлаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч нь шинжээчид нөлөөлж болзошгүй;

43.4.2.урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон бол.

43.5.Энэ хуулийн 43.1-д заасан татгалзан гарах үндэслэл тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч энэ тухайгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө, хэрэв уг үндэслэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон бол энэ тухай даруй мэдэгдэж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөрийн санаачилгаар татгалзан гарах үүрэгтэй.

43.6.Татгалзан гарах, татгалзан гаргах тухай шийдвэрт үндэслэлийг тодорхой заана.

43.7.Энэ хуулийн 43.1, 43.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч өөрөө татгалзан гараагүй бол тэдгээрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг талууд, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэгч, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид бичгээр гаргана.

43.8.Шийдвэр гүйцэтгэгч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.

43.9.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол түүний гүйцэтгэхээр авсан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөр шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

43.10.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргахыг зөвшөөрөхгүй тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргасан бол энэхүү тогтоолын талаар 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.

ИРГЭНИЙ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙГ БАТАЛГААЖУУЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.