44 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

44 дугаар зүйл. Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ

44.1.Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно.

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна:

44.2.1.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдийн төлөөллийг дуудан ирүүлэх;

44.2.2.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах;

44.2.3.төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх;

44.2.4.төлбөр төлөгчийн үйл ажиллагаанд холбогдох санхүүгийн болон бусад баримт бичигт үзлэг хийх;

44.2.5.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх;

44.2.6.төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байрнаас бусад газар, барилга байгууламж, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орох, үзлэг хийх;

44.2.7.төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдийн орон байранд нэвтрэн орох, үзлэг хийх;

44.2.8.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх;

44.2.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах; /Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.2.10.төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах;

44.2.11.төлбөр төлөгчийн эд хөрөнгө, түүний эрхийн бүртгэлийн талаар улсын бүртгэлийн байгууллагад хандах, лавлагаа, тодорхойлолт гаргуулах;

44.2.12.иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчоос гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

44.2.13.төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх мөнгөн хадгаламж, харилцах дансан дахь хөрөнгөөс суутгал хийх, дансны зарлагын гүйлгээг хаах, банк, эрх бүхий хуулийн этгээдэд данс нээх, эзэмших эрхэд хязгаарлалт тогтоох, эсхүл эзэмшиж байгаа дансны орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих;

44.2.14.төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх;

44.2.15.энэ хуульд заасны дагуу төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

44.2.16.үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх;

/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.2.17.худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх;

/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.2.18.хуульд заасан бусад.

/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.3.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно.

44.4.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

44.5.Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй.

44.6.Ахлах шийдвэр гүйцэтгэгч талуудаас ирүүлсэн гомдлыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд гүйцэтгэсэн арга хэмжээг хүчингүйд тооцно.

44.7.Энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээ нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнд тохирсон байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.