48 дугаар зүйл. Бусдын орон байранд нэвтрэх, үзлэг, нэгжлэг хийх
48.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээ, тэдгээрийн үнэлгээ, үнэлгээнд нөлөөлөхүйц шинж чанарыг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийх, тээврийн хэрэгсэл, ажлын байр, агуулах сав, эзэмшил газарт нэвтрэн орж иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг гаргуулан авах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр бусдын орон байранд нэвтрэн орох эрхтэй.
48.2.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх, битүүмжлэх, барьцаалах, хураах явцад түүний биедээ, эсхүл бусад газарт нуусан эд хөрөнгийг илрүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн биед болон тухайн эд хөрөнгийг нуусан газарт нэгжлэг хийж болно.
48.3.Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд нэгжлэг хийх үед бэлэн мөнгө илэрсэн тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын хэмжээнээс илүүгүй хэмжээгээр хураан авна.
48.4.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 41.1-д заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна.
48.5.Энэ хуулийн 48.1, 48.2-т заасан ажиллагааг явуулахад төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын алба хаагчийг байлцуулна.
48.6.Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна.
48.7.Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахдаа энэ хуульд заасны дагуу тэмдэглэл хөтөлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюулгүй арга, хэрэгсэл ашиглаж, хүний нэр төрд хүндэтгэлтэй хандана.
48.8.Төлбөр төлөгчийг албадан нүүлгэхээс бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бусдын орон байранд нэвтрэн орохдоо оршин суугч, эзэмшигч, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрлийг авсан байна.
48.9.Нэвтрэн ороход оршин суугч, эзэмшигч саад учруулбал эсэргүүцлээ зогсоохыг шаардах, шаардлагыг үл биелүүлсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ хэрэглэхийг анхааруулна.
48.10.Нэвтрэн ороход эд зүйл, цоож, түгжээ, байгууламжийн хэсгийг эвдэх, дохиолол, хяналтын систем, цахилгааныг салгах, нохой, бусад амьтныг номхотгох, техник, хэрэгсэл ашиглах зэргээр учрах саадыг арилгаж болно.
48.11.Энэ хуулийн 48.10-д заасан арга хэмжээ авсан бол эвдэрсэн эд хөрөнгийн хэвийн байдлыг сэргээх, түр хугацаагаар хамгаалах арга хэмжээ авна.