49 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах

49.1.Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно.

49.2.Энэ хуулийн 49.1-д заасан эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзан шийдвэр гүйцэтгэгч бие даан тогтооно.

49.3.Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах ажиллагаанд хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал харгалзахгүй.

49.4.Шийдвэр гүйцэтгэгч дараахь зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилнэ:

49.4.1.хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах;

49.4.2.төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх;

49.4.3.төлбөр төлөгчийн болон бусдад байгаа түүний өмчлөлийн хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх.

49.5.Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор шүүх, бусад албан тушаалтнаас төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн тохиолдолд тухайн хөрөнгийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэн, түүний бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авна.

49.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд, үнэт цаасны зах зээлд оролцогч зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн дансанд байгаа хөрөнгөөс бусад хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд тэмдэглэл үйлдэж, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалт гарган хувийн дугаар бүхий тэмдэг дарна. /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.7.Үл хөдлөх эд хөрөнгө болон өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг нь бүртгүүлбэл зохих бусад хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад битүүмжилснээс хойш ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.

49.8.Битүүмжилсэн, барьцаалсан хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

49.9.Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрийг хүчингүй болгоно.

49.10.Шаардлагатай бол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахдаа тухайн хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.