50 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

50 дугаар зүйл. Банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх

50.1.Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.

50.2.Төлбөр төлөгчийн банк, эрх бүхий хуулийн этгээд дэх дансны дугаар, төрөл, данс эзэмшигчийн нэр болон бусад шаардлагатай мэдээлэл тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээдээс шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг гаргуулж, хэрэв төлбөр төлөгч данстай бол дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэрийг хүргүүлнэ.

50.3.Банк, эрх бүхий хуулийн этгээд шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авсан даруйд биелүүлж, төлбөр төлөгчийн болон шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт заасан бусад этгээдийн нэр дээр бүртгэлтэй дансны мэдээлэл, дансанд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгийн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст мэдэгдэнэ.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

50.4.Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээдээс ирүүлсэн энэ хуулийн 50.3-т заасан мэдээллийг үндэслэн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагын хэмжээнээс илүү гарсан мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ.

50.5.Банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл нь шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт заасан шаардлагыг биелүүлэхэд хүрэлцэхээргүй бол банк, эрх бүхий хуулийн этгээд төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжилж, шийдвэрийг хүчингүй болгох хүртэл битүүмжилсэн дансны орлогыг гүйцэтгэх баримт бичигт заасан дүнгийн хэмжээгээр шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг үргэлжлүүлэн биелүүлнэ.

50.6.Банк, эрх бүхий хуулийн этгээд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэнэ.

50.7.Төлбөр төлөгч хоёр, түүнээс дээш тооны данстай бөгөөд битүүмжлэх данс, мөнгөн хөрөнгийн хэмжээ тодорхой тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэх дансны дугаар, мөнгөн хөрөнгийн хэмжээг шийдвэртээ тодорхой заана.

50.8.Энэ зүйлд заасан журам нь үнэт цаас арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд дэх данс, бусдын нэр дээр бүртгэлтэй боловч захиран зарцуулах эрхийг төлбөр төлөгч хэрэгжүүлж байгаа бусад дансанд нэгэн адил хамаарна.

50.9.Төлбөр төлөгч өөр эх үүсвэрээс төлбөр төлөх боломжгүй нь тогтоогдсон тохиолдолд татвар, нийгмийн даатгалын байгууллагаас баталгаажуулсан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг төлбөр төлөгчийн энэ зүйлд заасан битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс шилжүүлж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.