51 дугаар зүйл. Үнэт цаас битүүмжлэх

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Үнэт цаас битүүмжлэх

51.1.Шийдвэр гүйцэтгэгч вексель, эсхүл үнэт цаастай холбоотой аливаа эрхийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг биетээр эзэмшилдээ авах шаардлагатай бусад санхүүгийн хэрэгслийг олж илрүүлсэн даруйд хураан авч битүүмжилнэ. Биет бус үнэт цаасыг битүүмжлэх тухай шийдвэрийг тухайн үнэт цаасыг арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд хүргүүлж гүйцэтгэнэ.

51.2.Үнэт цаасыг битүүмжлэх шийдвэр болон битүүмжлэх ажиллагааны тэмдэглэлд тухайн үнэт цаасыг захиран зарцуулах эрхэд тавьсан хязгаарлалт, хориглолт, төрөл, үнэт цаасны бүртгэлийн болон регистрийн дугаар, үнэт цаас гаргагч, гаргасан он, сар, өдөр зэрэг тухайн үнэт цаасыг ижил төрлийн бусад санхүүгийн хэрэгслээс ялгах, тодорхойлоход ач холбогдол бүхий мэдээллийг тусгана.

51.3.Шийдвэр гүйцэтгэгч үнэт цаасыг битүүмжлэх тухай шийдвэрээр тухайн үнэт цаасыг захиран зарцуулах, түүгээр өөрийн болон гуравдагч этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар баталгаа гаргах эрхийг, шаардлагатай бол үнэт цаастай холбогдсон төлбөр төлөгчийн бусад эрхийг хязгаарлана.

51.4.Гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд шаардлагатай бол үнэт цаасыг битүүмжилсэн тохиолдолд ногдол ашиг хүртэх эрхийг хязгаарлаж болно. Энэ тохиолдолд ногдол ашиг хуваарилах эрх бүхий этгээдэд хуваарилсан ногдол ашгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх тухай мэдэгдэл хүргүүлнэ.

51.5.Хууль тогтоомж, гэрээ болон гүйцэтгэх баримт бичигт өөрөөр заагаагүй бол тухайн үнэт цаасыг арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр битүүмжилсэн үнэт цаасны үнэ, төлбөрийн хэрэгсэл болох аливаа шинж чанарыг дордуулахгүйгээр шаардлагатай арилжааг хийж болно.

51.6.Арилжааны үр дүнд бий болсон үнэт цаас, бусад хөрөнгө нь битүүмжлэгдсэнд тооцогдох бөгөөд арилжааг гүйцэтгэсэн этгээд арилжаа хийсэн тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

51.7.Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан, битүүмжилсэн, барьцаалсан вексель, эсхүл үнэт цаастай холбоотой аливаа эрхийг хэрэгжүүлэхийн тулд түүнийг биетээр эзэмшилдээ авах шаардлагатай бусад санхүүгийн хэрэгслийг арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдэд хадгалуулахаар шилжүүлж болно. Битүүмжилсэн биет бус үнэт цаасыг хадгалуулах зорилгоор битүүмжлэн хадгалж байгаа хуулийн этгээдээс бусад хуулийн этгээдэд шилжүүлэхгүй.

51.8.Энэ хуулийн 51.7-д заасан хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэгдсэн, барьцаалагдсан үнэт цаасыг ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд шилжүүлж болно.

51.9.Үнэт цаасыг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг гүйцэтгэж байгаа хуулийн этгээд үнэт цаасыг хадгалахад саад учрах аливаа тохиолдол бий болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч битүүмжлэгдсэн, барьцаалагдсан үнэт цаасыг хамгаалах зорилгоор хуульд заасан шаардлагатай арга хэмжээ авна.

51.10.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэт цаас гаргагч үнэт цаасыг буцаан худалдан авах тохиолдолд тухайн үнэт цаасны төлбөрт шилжүүлсэн хөрөнгийг битүүмжилнэ.

51.11.Үнэт цаасыг арилжих, бүртгэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, хадгалах үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд төлбөр төлөгчийн үнэт цаасыг битүүмжлэх тухай шийдвэрээр хязгаарлагдсан эрхийг хэрэгжүүлэх тухай төлбөр төлөгчийн аливаа шаардлагыг биелүүлэхийг хориглоно. Битүүмжлэх тухай шийдвэрийг хүлээн авмагц хязгаарлагдсан эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа гүйлгээг даруй зогсооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.