52 дугаар зүйл. Төлбөрийн үүргийг түдгэлзүүлэх
52.1.Шийдвэр гүйцэтгэгч нь гэрээ, хэлцлийн дагуу үүссэн хөрөнгийн шинжтэй төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэхтэй холбогдсон үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгч болон үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээдийн хооронд байгуулсан гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгох, тухайн гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ бусдад шилжүүлэхийг хориглох тухай шийдвэр гаргаж болно.
52.2.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрт гэрээ, хэлцэл, түүний дагуу үүссэн шаардах эрхийг нотлох баримт бичгийг зааж, уг баримт бичгийн хуулбарыг, шаардлагатай бол эх хувийг хураан авч, гүйцэтгэх баримт бичгийн хамт хадгална.
52.3.Шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийн дагуу үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрийг хүлээн авмагц гэрээ, хэлцэлд заасан нөхцөл, журмын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчид шилжүүлэх төлбөрийн үүргээс гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахуйц хэмжээний хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлнэ.
52.4.Үүрэг гүйцэтгэгч-гуравдагч этгээд нь үүрэг гүйцэтгүүлэгч-төлбөр төлөгчөөс төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүртэл, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрээр гэрээ, хэлцлийн дагуу үүссэн төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэр гарах хүртэл гэрээ, хэлцэлд өөрчлөлт оруулах, дуусгавар болгохыг хориглоно.