53 дугаар зүйл. Клирингийн дансны мөнгөн хөрөнгийг битүүмжлэх
53.1.Төлбөр төлөгчийн өгсөн даалгаврын дагуу төлбөр төлөгчийн заасан этгээдэд бэлэн бусаар төлбөр төлөх, бусад гүйлгээг гүйцэтгэх үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд нь төлбөр төлөгчийн дансан дахь мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авсан даруйд уг дансны зарлагын гүйлгээг хааж, дансны болон битүүмжлэгдсэн хөрөнгийн талаархи мэдээллийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст ирүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
53.2.Энэ хуулийн 53.1-д заасан дансны гүйлгээнд хязгаарлалт тогтоосон, дансыг битүүмжилсэн нь уг шийдвэрийг хүлээн авахаас өмнө төлбөр төлөгчөөс ирүүлсэн даалгаврын дагуу бусад этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах зорилгоор төлбөр гүйцэтгэхэд саад болохгүй.
53.3.Энэ хуулийн 53.1-д заасан төлбөрийг гүйцэтгэх шаардлагатай тохиолдолд хөрөнгө битүүмжлэх тухай шийдвэр хүлээн авсан хуулийн этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэст даруй мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./