54 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн хөрөнгийг хураах
54.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна.
54.2.Шийдвэр гүйцэтгэгч хураан авсан эд зүйлийн төрөл, шинж байдал, тоо, ширхгийг тусгасан жагсаалт үйлдэнэ.
54.3.Жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулна.
54.4.Хураан авах ажиллагаанд эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг оролцуулна. Эзэмшигчийг оролцуулах боломжгүй бол хөндлөнгийн гэрчийг байлцуулах, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ.
54.5.Төлбөр төлөгчөөс хураан авсан хурдан гэмтэж муудах, чанараа алдах бараа, материал, эд зүйлийг төлбөр төлөгч энэ хуульд заасан гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг сайн дураар биелүүлэх хугацааг дуусахаас өмнө худалдан борлуулж болно.
54.6.Төлбөр төлөгч энэ хуулийн 54.5-д заасны дагуу сайн дураар худалдан борлуулаагүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуульд заасан журмын дагуу худалдан борлуулна.
54.7.Үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрийг оролцуулан бүтээсэн үнэт эдлэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт, дурсгалт зүйлийг хураан авна.
54.8.Хураан авсан үндэсний мөнгөн тэмдэгт, гадаад валютыг хураан авснаас хойш 24 цагийн дотор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын банкан дахь дансанд, үнэт металл, эрдэнийн чулуу, тэдгээрийг оролцуулан бүтээсэн үнэт эдлэл, түүх соёлын хосгүй болон бусад үнэт, дурсгалт зүйлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үнэ бүхий эд зүйл хадгалах тусгай зориулалтын байранд даруй шилжүүлнэ.