57 дугаар зүйл. Төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах
57.1.Төлбөр төлөгч, түүний хөрөнгийн байгаа газар тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч бүрэн эрхийнхээ хүрээнд тэдгээрийг эрэн сурвалжилж, олж тогтоох зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэнэ.
57.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч, түүний хөрөнгийг олж тогтоох бүхий л ажиллагааг явуулсан боловч тодорхой үр дүн гараагүй бол тэдгээрийг эрэн сурвалжилж, олж тогтоох үүргийг энэ хуулийн 257.7-д заасан нэгжид даалгана.
57.3.Төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай шийдвэр нь тэдгээрийг улсын хэмжээнд болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гадаад улсын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах үндэслэл болно.
57.4.Энэ хуулийн 57.1-д заасан шийдвэрийг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэр гүйцэтгэгч гаргаж, шаардлагатай баримт бичгийн хамт энэ хуулийн 257.7-д заасан нэгжид хүргүүлнэ.
57.5.Төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоолд эрэн сурвалжлах ажиллагааны явцад төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг олж илрүүлсэн тохиолдолд гүйцэтгэх албадлагын арга хэмжээг тодорхой заана.
57.6.Эрэн сурвалжлах чиг үүрэг бүхий шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийн гүйцэтгэлийг баталгаажуулах талаар энэ хуульд заасан шийдвэр гүйцэтгэгчийн эрхээс гадна дараахь эрх эдэлнэ:
57.6.1.төлбөр төлөгч, түүний хөрөнгийг эрэн сурвалжилж байгаа тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлах;
57.6.2.эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгч, түүний хөрөнгийн талаархи иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг төлбөртэй авах;
57.6.3.эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгч, түүний хөрөнгө мөн гэх, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгийг нуун далдалсан, төлбөр төлөгчийг шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийхэд нь туслалцаа үзүүлсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүн, хуулийн этгээдийн баримт бичгийг шалгах, тайлбар авах, тодорхойлолт гаргуулах, тэдгээрийн бие, эд зүйл болон орон байрнаас бусад байр, барилга байгууламж, агуулах сав, эзэмшил газарт үзлэг хийх.
57.7.Эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгч, түүний хөрөнгийг олж илрүүлсэн тохиолдолд эрэн сурвалжлах тухай шийдвэрт заасан арга хэмжээг гүйцэтгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх болон энэ хуулийн 44.2-т заасан арга хэмжээг гүйцэтгэж болно.
57.8.Эрэн сурвалжлах ажиллагаа явуулах заавар, аргачлал болон эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийн талаархи мэдээллийг төлбөртэй авах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
57.9.Мэдээллийг төлбөртэй авахтай холбогдуулан гарсан зардлыг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд тооцно.