6 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дараахь ажиллагаа хамаарна:

6.1.1.иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;

6.1.2.захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;

6.1.3.зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/;

6.1.4.эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" гэх/.

6.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

6.2.1.иргэний хэргийн болон эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаархи шүүхийн шийдвэр;

6.2.2.хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж;

6.2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын шүүх, арбитрын шийдвэр;

6.2.4.шүүхээр баталгаажуулсан цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал, нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр;

6.2.5.шүүхээр баталгаажуулсан гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр;

6.2.6.шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж.

6.3.Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

6.3.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1-д заасан захиргааны хэргийн талаархи шүүхийн шийдвэр;

6.3.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хуулийн хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;

6.3.3.хялбаршуулсан журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;

6.3.4.шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж.

6.4.Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

6.4.1.торгох шийтгэл оногдуулсан шүүгчийн шийтгэх хуудас;

6.4.2.зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлого, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулан хураан авах тухай шийдвэр;

6.4.3.хохирол, нөхөн төлбөр гаргуулах тухай шийдвэр;

6.4.4.албадан эмчилгээ, албадан сургалтад хамруулах тухай шүүхийн шийдвэр;

6.4.5.баривчлах шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэр;

6.4.6.гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.4.7.шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон бусад байгууллага, албан тушаалтны зөрчлийн хэргийн талаархи шийдвэр.

/Энэ заалтад дугаарт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.5.Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь шийдвэрийг үндэслэн явуулна:

6.5.1.хорих болон хорихоос өөр төрлийн ял оногдуулсан шүүхийн шийдвэр;

6.5.2.Эрүүгийн хуульд заасан албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр;

6.5.3.сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих, хязгаарлалт тогтоох тухай шүүгчийн захирамж. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар ", хязгаарлалт тогтоох" гэж нэмэлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.