60 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх
60.1.Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар төлбөр төлөгчийн хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлж болно.
60.2.Үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах, эзэмшихээс олох орлого нь түүнийг эзэмших, ашиглахтай холбогдон гарах зардлаас их байх тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлнэ.
60.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 60.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлснээр эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж, саналыг нь авна.
60.4.Төлбөр авагчийн удирдлагад шилжүүлсэн барилга, түүний тодорхой хэсэгт төлбөр төлөгч өөрөө оршин суудаг, эсхүл тухайн үл хөдлөх хөрөнгийг бусад хэлбэрээр ашигладаг бол ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлбөр авагчид төлөх үүрэгтэй.
60.5.Төлбөр авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас бий болох үр шимийг төлбөрт суутган авч, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдон гарах бүх зардлыг төлнө.