69 дугаар зүйл. Дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийн агуулга
69.1.Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь мэдээллийг тусгана:
69.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил, анхны үнэ, өмчлөгчийн тухай;
69.1.2.дуудлага худалдааг явуулах он, сар, өдөр, цаг, хаяг;
69.1.3.уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол;
69.1.4.үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар.
69.2.Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчид дараахь баримт бичгийг хүргүүлнэ:
69.2.1.хөрөнгө битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан тогтоол, тэмдэглэл;
69.2.2.хөрөнгийн эрхийг нотлох баримт бичиг;
69.2.3.улсын бүртгэлийн баримт бичгийн хуулбар;
69.2.4.тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглах, эзэмших гэрээний хуулбар;
69.2.5.тухайн үл хөдлөх хөрөнгийн байрлаж байгаа газрыг ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн баримт бичиг.
69.3.Дуусаагүй барилга байшин, дэд бүтцийн обьектыг албадан дуудлага худалдаагаар борлуулах бол энэ хуулийн 69.2-т зааснаас гадна тухайн барилга байшин, дэд бүтцийн обьектыг барих тусгай зөвшөөрлийн хуулбарыг дуудлага худалдааг эрхлэн хөтлөх этгээдэд хүргүүлнэ.