71 дугаар зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

71 дугаар зүйл. Дуудлага худалдаа зохион байгуулах

71.1.Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч дуудлага худалдаа явуулахаар өргөдөл гаргасан төлбөр авагчийн нэр, төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн талаархи танилцуулга, түүнийг битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан он, сар, өдөр, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг танилцуулна.

71.2.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцно.

71.3.Сүүлийн үнэ хэлэхийг зарлана. Тухайн үнийн саналыг дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч хүлээж аваагүй бол саналыг хүчингүйд тооцно.

71.4.Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч сүүлийн үнэ зарлаж гурван удаа дуудсаны дараа дуудлага худалдаа дуусгавар болно.

71.5.Үл хөдлөх эд хөрөнгө борлогдсон тохиолдолд төлбөрийн шаардлагыг хангах хэмжээний мөнгө болон дуудлага худалдааны зардлыг тооцон суутгаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд оруулна.

71.6.Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааг зогсоох, түр хойшлуулах, хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 176, 177 дугаар зүйлийг баримтална.

71.7.Дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно.

71.8.Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол Дуудлага худалдаагаар борлогдоогүй газрыг түүнд энэ хуулийн 71.7-д заасны дагуу санал болгож болно.

71.9.Төлбөр авагчид санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч, бусад этгээд чөлөөлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан чөлөөлнө.

71.10.Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна.

71.11.Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана.

71.12.Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно.

71.13.Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй.

71.14.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.

71.15.Үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд зүйлс худалдан авагчийн өмчлөлд нэгэн адил шилжинэ.

71.16.Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ.

71.17.Дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурах бөгөөд дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж, санал гаргах эрхтэй.

71.18.Албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичгийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.