73 дугаар зүйл. Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгох
73.1.Энэ хуулийн 72.1, 72.2-т заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө суутган авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан, эсхүл хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.
73.2.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу гүйцэтгэж байгаа бол ипотекийн эрхтэй этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн дарааллаар худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч 10 хоногийн дотор саналыг хүлээн авах эсэх тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ.
73.3. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ.
/"Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно." гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./
/Энэ заалтад 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
73.4.Үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно. Төлбөр авагч татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.
73.5.Төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож, үнийн дүнгийн зөрүүг төлснөөр төлбөр авагчид шилжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
73.6.Худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай шийдвэрийг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгч гаргаж, хөрөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.
73.7.Энэ зүйлд заасны дагуу худалдан борлуулсан хөрөнгийн биет байдлын доголдолтой холбогдон гарсан гомдлыг хүлээн авахгүй.
73.8.Үнэт цаас албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй бол дуудлага худалдаанд тавьсан өдрийн сүүлийн цагийн үнээр тооцож төлбөр авагчид санал болгоно.