93 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

93 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах

93.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс, эсхүл гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад хөрөнгөнөөс төлбөрийг суутгана. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө хаана, ямар зориулалтаар ашиглагдаж байгаа нь үл хамаарна.

93.2.Улсын төсвөөс санхүүждэг төлбөр төлөгч-хуулийн этгээдийн дансанд байгаа төлбөр төлөх зориулалт бүхий мөнгөн хөрөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй тохиолдолд дараагийн жилийн төсөвт нэмж тусгаж, төлбөрийг барагдуулна.

93.3.Төлбөр төлөгч нь банк бол тухайн арилжааны банкны Монгол банкан дахь харилцах данснаас хасалт хийх, төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна.

93.4.Төлбөр төлөгчийн нийт хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах эсэх асуудлыг үүсгэн байгуулагч, хувь эзэмшигчийн эд хөрөнгийн хариуцлагын харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

93.5.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс суутгал хийхдээ уг хуулийн этгээдэд хөрөнгөө итгэмжлэн хадгалуулсан, өөрийн нэрийн өмнөөс аливаа гүйлгээ, төлбөр, тооцоо гүйцэтгүүлэхээр данс эзэмшиж байгаа бусад этгээдийн хөрөнгөөс суутгал хийхгүй.

93.6.Энэ зүйлд заасан журмыг хувиараа аж ахуй эрхэлдэг төлбөр төлөгч-иргэнд холбогдуулан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тохиолдолд нэгэн адил баримтална.

93.7.Төлбөр төлөгч-хуулийн этгээд энэ хуульд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар зээлдэгч, хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч, үүсгэн байгуулагчид мэдэгдэх үүрэгтэй бөгөөд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас бий болсон хөрөнгийн өөрчлөлтийн талаар улсын бүртгэл, татварын байгууллагад мэдээлэх үүрэгтэй.

93.8.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр төлөгч-хуулийн этгээдийн төлбөр гүйцэтгэх чадварт ноцтой нөлөөлөх тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дампуурлын хэрэг үүсгэх тухай нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.