57 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн цалин хөлс

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

57 дугаар зүйл. Төрийн албан хаагчийн цалин хөлс

57.1.Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно.

57.2.Төрийн албан хаагчийн цалин хөлс нь:

57.2.1.улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, докторын зэргийн нэмэгдлээс;

57.2.2.захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цолны, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс;

57.2.3.тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс;

57.2.4.үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон докторын, мэргэшлийн зэрэг, цол, ур чадварын, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон бусад нэмэгдэл, нэмэгдэл хөлснөөс тус тус бүрдэнэ.

57.3.Төрийн жинхэнэ албан хаагчид цол, зэрэг дэвийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

57.4.Улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүүргийн Засаг дарга, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, гадаадын иргэн, харьяат, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүх шинжилгээний байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

57.5.Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно:

57.5.1.сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, сум, дүүргийн Засаг даргын орлогч; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

57.5.2.орон нутгийн зэрэглэлтэй хотын болон тосгоны Захирагч; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

57.5.3.шүүхийн захиргааны байгууллага, Шүүхийн сахилгын хорооны албан хаагчаас бусад захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

57.5.4.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гадаадын иргэн, харьяат, гаалийн байгууллагын ажилтан; /Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

57.5.5.дипломат албан хаагч;

57.5.6.үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч; /Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

57.5.7.улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан.

57.6.Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч болон Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн, Үндэсний болон орон нутгийн аудитын газар, Авлигатай тэмцэх газрын удирдах ба гүйцэтгэх албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдлийн хэмжээ, зайлшгүй шаардлагатай бусад хангамжийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн хууль тогтоомжоор тогтооно.

57.7.Энэ хуулийн 57.5.3-т заасан төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам, хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

57.8.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн нэмэгдэл, бусад нэмэгдэл хөлсний доод хэмжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

57.9.Энэ хуулийн 57.13-т зааснаас бусад Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлд хамаарах албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

57.10.Энэ хуулийн 57.9-д заасан албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрт Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн хамаарахгүй. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

57.11.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж цагаар тооцож болно. Цалин хөлсийг цагаар тооцох ажлын байрны жагсаалтыг Засгийн газар тогтооно.

57.12.Төрийн захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуульд заасан нэмэгдэл хөлс олгоно.

57.13.Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүн, Улсын Их Хурлын даргын ажлын албаны ажилтан, Улсын Их Хурлын гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслах, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны дарга, ажилтан болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал өөрөө тогтооно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

57.14.Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн цалингийн доод хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

57.15.Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд мэдээлэл технологийн чиглэлээр нарийн мэргэшсэн, өндөр ур чадвартай хүнийг тухайн чиглэлээр төрийн албанд ажиллуулах шаардлагатай бол албан тушаалын цалингийн итгэлцүүр, шатлалыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

57.16.Энэ хуулийн 57.15-д заасан цалингийн итгэлцүүр, шатлалыг хэрэглэх төрийн байгууллагын жагсаалт, тухайн байгууллагад мэдээлэл технологийн чиглэлээр ажиллах албан тушаалтны орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

57.17.Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.