68 дугаар зүйл. Зөвлөлийн гишүүн
68.1.Зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
68.2.Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна. Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батална.
68.3.Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр Зөвлөлийн гишүүнийг зургаан жилийн хугацаагаар томилно. Зөвлөлийн гишүүнээр нэг удаа улируулан томилж болно. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
68.4.Зөвлөлийн гишүүнд улс төрийн намын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан болон сүүлийн нэг жилийн хугацаанд эдгээр албан тушаалд ажиллаж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй.
68.5.Зөвлөлийн гишүүд нэг нутгийн болон нэг анги хамт төгссөн, эсхүл хамаарал бүхий этгээд байж болохгүй.
68.6.Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч энэ хуулийн 68.2, 68.4, 68.5-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт гаргана.
68.7.Зөвлөлийн дарга, гишүүн өөр ажил, албан тушаал хавсран эрхлэхийг хориглоно.
Тайлбар: Энэ хуулийн 68.5-д заасан "нэг нутгийн" гэснийг нэг аймаг, суманд төрснийг, "нэг анги хамт төгссөн" гэснийг ерөнхий боловсролын дунд сургууль, их, дээд сургууль, коллежид нэг ангид хамт суралцаж төгссөнийг хамруулан ойлгоно.