75 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх
75.1.Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.
75.2.Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана.
75.3.Төрийн албаны төв байгууллага гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор маргаан үүсгэх эсэх талаар шийдвэр гаргаж, 30 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 14 хоногоор сунгаж болно.
75.4.Маргаан үүсгэсэн тохиолдолд төрийн албаны төв байгууллагын хянан шалгах комисс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
75.4.1.холбогдох этгээдээс тайлбар авах;
75.4.2.холбогдох байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр зохих мэргэжлийн хүмүүсийг хяналт шалгалтын ажилд татан оролцуулах;
75.4.3.хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;
75.4.4.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан, нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах;
75.4.5.илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл шалгалтын акт, холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлэх;
75.4.6.хяналт шалгалт, дүгнэлт, танилцуулга, албан шаардлага, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;
75.4.7.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
75.5.Энэ хуулийн 75.4-т заасан комиссын гишүүн хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ шударгаар гүйцэтгэх, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүстэй холбоотой асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй.
75.6.Энэ хуулийн 75.1-д заасан маргааныг хүлээн авч, хянан шийдвэрлэх журмыг Улсын Их Хурал тогтооно.