4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."мал" гэж уламжлагдан маллаж ирсэн таван хошуу малыг;
4.1.2."тэжээвэр амьтан" гэж ашиг шимийг нь ашиглах зорилгоор гэршүүлэн үржүүлж байгаа амьтныг; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.3."зэрлэг амьтан" гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.4-т заасан, энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т зааснаас бусад амьтныг;
4.1.4."мэдрэмтгий мал, амьтан" гэж тодорхой нэрийн халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлтэй мал, амьтныг;
/Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4.1.6."халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх" гэж өвчний гаралт, тархалтад нөлөөлж байгаа хүчин зүйлийг арилгах зорилгоор хийгдэх үзлэг, тандалт, халдваргүйтгэл, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт зэрэг мэргэжлийн үйл ажиллагааг;
4.1.7."мал, амьтны өвчинтэй тэмцэх" гэж халдварт өвчнийг тандах, оношлох, халдварын эх үүсвэрийг илрүүлэх, тархалтын хүрээг тогтоох, дархлаажуулах, эмчлэх, шилжилт хөдөлгөөнийг хянах, мал эмнэлгийн хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх, өвчний тархалтыг зогсоох, халдварлалтын түвшинг бууруулах, устгах, өвчний мэдээллийн сан бүрдүүлж ашиглах чиглэлээр хэрэгжүүлж байгаа мал эмнэлгийн цогц арга хэмжээг;
4.1.8."мал эмнэлгийн үйлчилгээ" гэж мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг;
4.1.9."мал, амьтны гоц халдварт өвчин" гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж, хүн, мал, амьтны эрүүл мэндэд хохирол учруулж, худалдаа, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх өвчнийг;
4.1.10."шинэ болон дахин сэргэж байгаа өвчин" гэж Монгол Улсад анх удаа оношлогдож байгаа, эсхүл тухайн өвчнөөр тайван, эрүүл байгааг эрх бүхий байгууллагаас баталгаажуулсны дараа дахин гарч байгаа халдварт өвчнийг;
4.1.11."мал, амьтныг зайлшгүй шаардлагаар төхөөрөх" гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал, амьтныг холбогдох журам зааврын дагуу төхөөрч, биологийн хаягдлыг устгахыг;
4.1.12."мал, амьтныг зайлшгүй шаардлагаар устгах" гэж өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах нь тогтоогдсон мал, амьтныг холбогдох журам, зааврын дагуу бүрэн устгахыг;
4.1.13."ийлдсийн сан" гэж халдварт өвчин үүсгэгчийн эсрэг бие махбодод үүссэн эсрэг биеийг илрүүлэх, үүсгэгчийн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгээс мал, тэжээвэр амьтны төрөл, нас, хүйсийг төлөөлүүлэн тодорхой тооны сорьц авч, жил бүр нөхөн сэлбэдэг цусны ийлдсийн цуглуулгыг;
4.1.14."малчин" гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэнийг;
4.1.15."амьтан маллагч" гэж амьтныг арчлах, тэжээх, болзошгүй аюулаас хамгаалах, хашаа, байр, нөмөр, хорго, хэвтрийг цэвэрлэх үүрэгтэй иргэнийг;
4.1.16.“тэжээлийн нэмэлт” гэж Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн 4.1.4-т заасныг; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
4.1.17.“олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ” гэж Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.1-д заасныг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.19.“яаралтай дархлаажуулалт” гэж өвчин дэгдэх, эсхүл гаднаас нэвтрэх эрсдэл нэмэгдэх, эсхүл дахин сэргэх үеийн яаралтай хариу арга хэмжээнд хэрэглэх вакцинжуулалтыг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
4.1.20.“биохамгаалал” гэж мал, амьтны сүрэгт, эсхүл сүргээс гадагш болон сүргийн дотор өвчин, халдвар нэвтрэн орох, өвчний голомт үүсэх, тархан дэлгэрэх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний цогц шийдлийг; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./