11 дугаар зүйл. Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ

11.1.Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх, малд үзлэг, ангилалт хийх, удам гарваль, ашиг шимийн гарц, чанарыг тодорхойлох, үр төлийн шинж чанарыг үнэлэх, удам зүйн үнэлгээ хийх, үржил селекцийн ажлын үр дүнг хянан баталгаажуулах, үржүүлгийн хөтөлбөр боловсруулах, сайжруулагч малыг үржилд тохируулан сонгох, цөм сүрэг бүрдүүлэх, малд зохиомол хээлтүүлэг хийх, гойд ашиг шимт мал шалгаруулах, үржлийн малын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах, малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологийн чиглэлээр малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зааварчилгаа, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд хамааруулна.

11.2.Мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх итгэмжлэл, зэрэг дэв бүхий мал зүйчтэй, стандартын шаардлага хангасан байр, тоног төхөөрөмж бүхий хуулийн этгээд, мал зүйч мэргэжилтэн өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж /цаашид "үйлчилгээний нэгж" гэх/ байгуулж, үйл ажиллагааны чиглэлд тохирсон хөтөлбөрөө энэ хуулийн 16.8-д заасан байгууллагаар баталгаажуулснаар мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг эрхлэх эрхтэй болно.

11.3.Mэргэжлийн зэрэг, дэвийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэх итгэмжлэлийг энэ хуулийн 16.8-д заасан байгууллага олгож, бүртгэнэ.

11.4.Мал үржүүлгийн ажилд олгох итгэмжлэл нь сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийн чиглэл, түвшнээс хамаарч шаталсан хэлбэртэй байна.

11.5.Мэргэжлийн зэрэг, дэв, итгэмжлэл олгох, хүчингүй болгох, сунгах, бүртгэх болон мөн энэ хуулийн 10.8-д заасан урамшуулал олгох журмыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.6.Энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж нь тухайн сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгчтэй гэрээ байгуулж дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

11.6.1.энэ хуулийн 11.8-д заасан стратегид нийцүүлэн үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах;

11.6.2.үүлдэр, омгоос цөм сүрэг бүрдүүлэх, өсвөр малыг үржилд шилж сонгох, ялган суурилах, үржлийн нас хүртэл бойжуулах, борлуулах;

11.6.3.технологийн зохистой хугацаанд үржлийн малд үзлэг, ангилалт, тохируулан сонголт хийх, бүртгэх;

11.6.4.бог малын, шаардлагатай тохиолдолд бод малын хээлтүүлэгчийг сүргээс тусгаарлан маллах, хяналтад авч бүртгэх, түрээсийн гэрээгээр ашиглуулах;

11.6.5.малын нөхөн үйлдвэрлэлийг зохицуулах, биотехнологийн ололт, биотехникийн аргыг нэвтрүүлэх;

11.6.6.энэ хуулийн 11.6-д заасан гэрээний дагуу зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ эрхлэх, малын арчилгаа, маллагаа, тэжээллэг технологийг мөрдүүлэх, малын төрөл хоорондын харьцаа, сүргийн зохистой бүтцийн талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;

11.6.7.малын генетик нөөцийн ашиглалтын асуудлаар санал боловсруулах, эрх бүхий байгууллага, этгээдээр шийдвэр гаргуулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

11.6.8.малын удам гарваль, үүлдэрлэг байдал, ашиг шимийг тодорхойлох, мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг арга зүйн удирдлагаар хангах;

11.6.9.энэ хуулийн 16.8-д заасан байгууллагын зөвшөөрөлгүйгээр малд үржил селекцийн ажлыг явуулан үүлдэрлэг байдлыг алдагдуулах үйл ажиллагаанд хяналт тавих, эрх бүхий байгууллагад мэдээлэх;

11.6.10.үржүүлгийн бүтээгдэхүүн болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийж бүртгэх, тодорхойлолт гаргах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа эсэх талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

11.6.11.энэ хуулийн 11.6.3, 11.6.4, 11.6.10-д заасан бүртгэлийн мэдээллийг сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт хүргүүлж нэгдсэн бүртгэлд хамруулах.

11.7.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгж өөрийн байршиж байгаагаас өөр нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тухайн сум, дүүргийн хөдөө аж ахуйн тасагт хүсэлтээ илэрхийлэн бүртгүүлж, энэ хуулийн 11.6-д заасан гэрээ байгуулан ажиллана.

11.8.Малын үржлийн ажлын стратеги болон үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний төрөл, төлбөрийн жишиг үнийн хэмжээ, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний төрөл бүрээр мөрдөх технологийн журам, зааврыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

11.9.Энэ хуулийн 6.11, 11.6.1, 12.5-д заасан стандартыг стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

11.10.Бүс нутгийн онцлог, малын төрөл, тоо хэмжээг харгалзан энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид хамрагдах малын жишиг тоог малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙГ ХАДГАЛАХ, ХАМГААЛАХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.