10 дугаар зүйл. Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх

10.1.Малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх үйл ажиллагааг Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.1-11.2.3, Инновацийн тухай хуулийн 27.2-т заасан байгууллага, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгж гүйцэтгэнэ.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан байгууллага хоорондоо болон гадаадын иргэн, хуулийн этгээдтэй малын генетик нөөцийг судлан хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах бол гэрээ байгуулна.

10.3.Энэ хуулийн 10.2-д заасан гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:

10.3.1.судалгаа, туршилт явуулах үндэслэл, зорилго;

10.3.2.төрөл, зүйлийн нэр, тоо хэмжээ;

10.3.3.гарваль улс;

10.3.4.судалгаа явуулах хугацаа;

10.3.5.биоаюулгүй байдлыг хангах зохицуулалт;

10.3.6.зохиогчийн эрхийн зохицуулалт, технологи дамжуулах болон биет бус хөрөнгө ашиглалтын нөхцөл;

10.3.7.судалснаас хүлээж байгаа үр дүн, ашиг хүртэх хэлбэр, түүний тоогоор илэрхийлсэн үзүүлэлт;

10.3.8.маргаан шийдвэрлэх зохицуулалт;

10.3.9.бусад.

10.4.Судалгаа ба хөгжлийн чиглэлээр үүлдэр, омгийн малд туршилт, судалгаа, шинжилгээ явуулах бол зохион бүтээгч, хамтран бүтээгч, өв залгамжлагч, эсхүл түүний эрх олгосон этгээдээс зөвшөөрөл авна.

10.5.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн бодит өсөлт бий болгох биотехнологийн ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

10.6.Малын генетик нөөцийн судалгаа, туршилтын үр дүнгийн мэдээлэл нь нэгдсэн сангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

10.7.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэргэдээ малын генетик нөөцийн судалгаа, инноваци, технологи нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх нэгж, хүрээлэнтэй байж болно.

10.8.Малын ашиг шимийг нэмэгдүүлсэн, үүлдэр, омог бий болгосон нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан бол мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ эрхлэгчийг урамшуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.