13 дугаар зүйл. Мал хамгаалах

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Мал хамгаалах

13.1.Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.2.Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршлыг тогтоох журмыг Засгийн газар батална.

13.3.Засгийн газар Үндэсний хорооны зөвлөмж, төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн жил бүр импортлох мал, үржүүлгийн бүтээгдэхүүний төрөл, тоо хэмжээг тогтооно.

13.4.Тоо, тархалтын хувьд доройтолд орсон, устаж мөхөж болзошгүй байдалд хүрсэн малын төрөл, зүйлийг тусгайлан хамгаалж, үржүүлэх арга хэмжээ авч, удам гарвал нь тодорхой, стандартын шаардлага хангасан өсвөр хээлтүүлэгч бойжуулж зах зээлд борлуулсан малчин, мал бүхий этгээд, энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжид Засгийн газраас дэмжлэг, урамшуулал олгож болох бөгөөд урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.

13.5.Мэргэжлийн холбоо нь мал хамгаалах үйл ажиллагааны талаархи санал, дүгнэлтийг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

13.6.Биологийн олон янз байдал, удам зүйн үнэт чанарын хувьд өвөрмөц, хязгаарлагдмал нөөц, тархалт, ашиглалт бүхий мал, төрөл, зүйлийг хамгаалах арга хэмжээг олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Засгийн газар тусгай хөтөлбөрөөр хэрэгжүүлнэ.

13.7.Малын үүлдэр хамгаалах, ашиглах, хөгжүүлэх үүлдрийн нийгэмлэг байгуулах, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мах, сүү үйлдвэрлэлийн төрөлжсөн бүсэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас дэмжинэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.