14 дугаар зүйл. Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээдийн үүрэг
14.1.Мал хамгаалах талаар малчин, мал бүхий этгээд, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:
14.1.1.бүс нутгийн онцлогийг харгалзан өвөлжих, хаваржих бэлчээрийн малд зориулж хадлан тэжээл бэлтгэх, ус, хашаа байраар хангах, малыг байгалийн эрсдэлээс хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.2.эрчимжсэн мал аж ахуйн малд ашиг шимийн чиглэл, биологийн онцлогт тохирсон арчилгаа, маллагаа, тэжээллэгийн технологи мөрдөх, малыг өлдөөхгүй байх, аюулгүй нөхцөлөөр хангах;
14.1.3.баталгаажсан үүлдэр, омгийн малыг нутагшсан болон уугуул орчинд нь үржүүлж хамгаалах, малын үүлдэрлэг байдлыг алдагдуулахгүй байх;
14.1.4.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээг технологийн зохистой хугацаанд энэ хуулийн 11.2-т заасан үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлэх, үйлчилгээнд малаа бүрэн хамруулж, мал барьж туслах зэрэг шаардлагатай нөхцөлөөр хангах, үйл ажиллагааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх.