15 дугаар зүйл. Малын үндэсний генийн санг хамгаалах
15.1.Малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа малын үндэсний генийн санг хамгаалах, сайжруулах чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага байна.
15.2.Малын үндэсний генийн санг дараахь байдлаар хамгаална:
15.2.1.малыг үндэсний, бүс нутгийн, эсхүл төрөл зүйлийн түвшинд энэ хуулийн 12.1.1-д заасан орчинд цөм сүрэг бүрдүүлж хамгаалах;
15.2.2.малыг төрөл, зүйлийн хувьд хувиран өөрчлөгдөх, доройтох, мөхөхөөс сэргийлэн үржүүлгийн бүтээгдэхүүний дээж, сорьц, цуглуулгыг бий болгож, генийн санд хадгалах;
15.2.3.энэ хуулийн 12.3, 15.3.9-д заасан шилмэл малаас үр, хөврөл үйлдвэрлэх болон гадаадаас өндөр ашиг шимт малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг авах замаар генийн санг арвижуулж, үржүүлэгт ашиглах;
15.2.4.малын үржил, селекцийн шинж тэмдгийн илрэл, үзүүлэлтийг тодорхойлох, харьцуулах, тэдгээрийн хувьсал, өөрчлөлтийг тогтоох, үржлийн үнэт чанарыг үнэлэх, ашиглах.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан төрийн үйлчилгээний байгууллага дараахь чиг үүрэгтэй:
15.3.1.монгол малын генийг доройтох, мөхөх, устахаас сэргийлж хамгаалах зорилгоор үржүүлгийн бүтээгдэхүүнийг хадгалах үндэсний генийн санг бүрдүүлэх, баяжуулах;
15.3.2.дотоодод ашиглах болон гадаадад гаргах үржүүлгийн бүтээгдэхүүнд гарал үүслийн тодорхойлолт олгох;
15.3.3.гадаадаас авсан үржүүлгийн бүтээгдэхүүнийг генийн санд тусгайлан хадгалж, бүртгэх, гарал үүсэлд нь хяналт тавих, тэдгээрийг энэ хуулийн 11.8-д заасан стратегид нийцүүлэн хуваарилах, ашиглах, үр дүнг тооцох, ашиг шимийн өөрчлөлтийн үнэлгээг хийх;
15.3.4.үржүүлгийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, ашиглалтын талаархи холбогдох бүртгэл, мэдээллийг нэгдсэн санд тогтмол оруулж байх;
15.3.5.малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, нутагшуулах, дэлгэрүүлэх;
15.3.6.мал үржүүлгийн техникч, мал ангилагч-шинжээч бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
15.3.7.зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хүрээг тогтоох, өргөтгөх, шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, урвалжаар хангах;
15.3.8.үүлдэр, омгийн мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнд молекул генетикийн шинжилгээ хийх;
15.3.9.гойд ашиг шимт цөм сүрэг, цэвэр үүлдрийн донор болон тээгч малыг байршуулж ашиглах.
15.4.Малын үндэсний генийн санд үржүүлгийн бүтээгдэхүүн байршуулах, бүртгэх, зарцуулах, хяналт тавих болон гойд ашиг шимт мал шалгаруулах журам, энэ хуулийн 15.1-д заасан үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны бүтэц, орон тоог малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ТАВДУГААР БҮЛЭГ МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭХ