13 дугаар зүйл. Донорын эрх, үүрэг
13.1.Донор дараахь эрх, үүрэгтэй:
13.1.1.цус, эс, эд, эрхтнээ өгөх явцдаа өөрийн эрүүл мэнд, амь нас аюулгүй байх эрхээр хангагдах;
13.1.2.донорын үүргээ гүйцэтгэх үедээ Хөдөлмөрийн тухай хуулийн 117.2-т заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор авах; /Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.3.донорын эрүүл мэндэд учирсан хохирол, гарсан хүндрэл нь цус сэлбүүлэх, эс, эд эрхтнийг шилжүүлэх ажилбарын технологийн заавар зөрчигдсөнөөс үүссэн нь тогтоогдсон бол донор цус сэлбэсэн, эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгасан буруутай этгээд, байгууллагаар хохирлоо нөхөн төлүүлэх;
13.1.4.донор нь цус, эс, эд, эрхтнээ өгөхдөө тухайн ажилбарыг гүйцэтгэх байгууллагатай гэрээ байгуулах, заавал даатгуулах болон бусад даатгалд хамрагдах;
13.1.5.амьд донор эрхтнээ өгсний дараа хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43.5-д заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.1.6.цусны донорын үйлсийг сурталчлах, эгнээг өргөжүүлэх ажилд оролцох.
13.2.Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.3.Энэ хуулийн 13.2-т заасан тэмдэглэгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
13.4.Эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ иргэн өөрчилж болно.