6 дугаар зүйл. Хүнс баяжуулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг
6.1.Улсын Их Хурал хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох;
6.1.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.1.3.хуульд заасан бусад.
6.2.Засгийн газар хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1.баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
6.2.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.2.4.хуульд заасан бусад.
6.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.3.1.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг батлах;
6.3.2.баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсийг Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, мэдээллийн сан үүсгэх;
6.3.3.баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлах.
6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.4.1.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;
6.4.2.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд хүнс баяжуулалтын үр нөлөөг тооцох судалгааг таван жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулах;
6.4.3.энэ хуулийн 6.4.2-т заасан судалгааны дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах;
6.4.4.хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар иргэнийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.