17 дугаар зүйл. Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын бүрэн эрх

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

17.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

17.1.1.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах;

17.1.2.улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд дагаж мөрдөх дүрэм, журмыг энэ хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн баталж, биелэлтийг хангуулах, хууль тогтоомж, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх;

17.1.3.улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдүүлэх;

17.1.4.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батлах;

17.1.5.улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэс, тасгийн дарга, улсын бүртгэгч, улсын байцаагчийг томилж, чөлөөлөх;

17.1.6.улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

17.1.7.улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийг шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах;

17.1.8.улсын бүртгэлийн асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдол, хууль зөрчсөн үйлдлийн талаарх мэдээллийг хүлээн авч хууль тогтоомжийн хүрээнд хянан шийдвэрлэх;

17.1.9.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.