18 дугаар зүйл. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих
18.1.Улсын бүртгэлийн байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа болон улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.
18.2.Улсын бүртгэлийн хяналтын чиг үүргийг улсын ерөнхий байцаагч, хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч, орон нутаг дахь хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч /цаашид "улсын байцаагч" гэх/ хэрэгжүүлнэ.
18.3.Хяналтын улсын ахлах байцаагч, хяналтын улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй байна.
18.4.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга улсын ерөнхий байцаагч байна.
18.5.Улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын байцаагчийн эрхийг улсын ерөнхий байцаагч олгоно.
18.6.Улсын ерөнхий байцаагч нь улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
18.7.Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнах бөгөөд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр дараах эрх, үүрэгтэй байна:
18.7.1.хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах;
18.7.2.өөрийн хийсэн шалгалт, илрүүлсэн зөрчил, өгсөн албан шаардлага, гаргасан танилцуулга, дүгнэлт, торгох шийтгэлийн үндэслэл, үнэн зөвийг бүрэн хариуцах;
18.7.3.албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг задруулахгүй байх; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18.7.4.улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын хувийн хэрэгтэй танилцах.
18.8.Улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, шаардлага, мэдэгдэл, торгууль, шийтгэврийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
18.9.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан заасан хугацаанд нь биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.