5 дугаар зүйл. Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх
5.1.Бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилна.
5.2.Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэнэ.
5.3.Энэ хуулийн 5.2-т зааснаас бусад хуульд заасан бүртгэл нь төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар батална.
5.4.Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагаанд нэгэн адил үйлчлэх бөгөөд төрөлжсөн бүртгэл нь улсын бүртгэлийн мэдээлэлд үндэслэнэ.
5.5.Бүртгэлийг мэдээлэл бүхий нотлох баримтад үндэслэн монгол хэлээр хөтөлнө.
5.6.Хуульд өөрөөр заагаагүй бол бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болно.
5.7.Бүртгэлийг цахим хэлбэрээр хөтлөхөд аюулгүй байдлыг хангасан, кодлогдсон технологийг ашиглах бөгөөд өөр хоорондоо уялдаатай, нэгдсэн стандарт, арга зүйтэй байна.
5.8.Улсын бүртгэлийн мэдээллийн сантай төрөлжсөн мэдээллийн сан мэдээлэл солилцох боломжтой байна.
5.9.Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон нарийвчилсан харилцааг Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулна.
5.10.Энэ хуулийн 5.3-т заасан төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна.
5.11.Иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн суурь болон төрөлжсөн мэдээллийн сан үүсгэж, төрийн үйлчилгээг үзүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./