10 дугаар зүйл. Эцэг /эх/ тогтоосны бүртгэл
10.1.Хүүхдээ төрсний бүртгэлд бүртгүүлснээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:
10.1.1.эцэг, эхийн өргөдөл;
10.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
10.1.3.гэрлэлтийн гэрчилгээ;
10.1.4.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх.
10.2.Хэрэв эцэг, эхийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол эцэг /эх/ тогтоолгох тухай өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
10.3.Хүүхдийн эцэг /эх/ болохыг шүүхээс тогтоосон бол эцэг /эх/ нь дараах баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, бүртгүүлнэ:
10.3.1.эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
10.3.2.хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;
10.3.3.эцэг /эх/ болохыг тогтоосон шүүхийн шийдвэр.
10.4.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эцэг /эх/ тогтоосны бүртгэлийг хөтөлнө.
10.5.Гадаад улсын хууль тогтоомжоор Монгол Улсын иргэнтэй холбоотой эцэг, эх тогтоосныг Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг /эх/ тогтоосны бүртгэлд бүртгүүлж болно.