11 дугаар зүйл. Үрчилсний бүртгэл
11.1.Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад өөрийн биеэр хандана:
11.1.1.өргөдөл;
11.1.2.хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл;
11.1.3.үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, эсхүл харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх;
11.1.4.гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;
11.1.5.хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхэд бол тухайн байгууллагын зөвшөөрөл.
11.2.Энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн байна.
11.3.Энэ хуулийн 11.1-д заасан баримт бичигт Гэр бүлийн тухай хуулийн 55.2, 55.3, 55.4-т заасан зөвшөөрлийн аль тохирохыг хавсаргана.
11.4.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 11.1, 11.3-т заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан гэж үзвэл хүүхэд, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан ажилтнаар дүгнэлт гаргуулна.
11.5.Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн 20 хоногийн дотор гаргана.
11.6.Улсын бүртгэгч эрх бүхий этгээдийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор хүүхэд үрчилсний бүртгэл хөтөлж, төрсний гэрчилгээнд нэмж тэмдэглэнэ.
11.7.Эрх бүхий байгууллага, үрчлэн авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлт, үрчлүүлсэн эцэг, эхэд үрчлэн авсан эцэг, эхийн зөвшөөрлөөр иргэний улсын бүртгэлийн лавлагаа гаргаж өгч болно.
11.8.Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ.