12 дугаар зүйл. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

12 дугаар зүйл. Овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэл

12.1.Иргэн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчлөх бол дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суугаа газрын улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ:

12.1.1.өргөдөл;

12.1.2.төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан баримт бичигт дараах баримт бичгийн аль тохирохыг хавсаргана:

12.2.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчилж байгаа иргэн гэрлэсэн бол гэрлэлтийн гэрчилгээ;

12.2.2.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ өөрчилж байгаа иргэн хүүхэдтэй бол түүний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх;

12.2.3.иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөх бол түүний эцэг, эх, эсхүл харгалзан дэмжигчийн зөвшөөрөл;

12.2.4.иргэний эрх зүйн зарим чадамжтай иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөх бол түүний эцэг, эх, эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрөл;

12.2.5.иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон бол шүүхийн шийдвэр.

12.3.Иргэн өөрийн овог, эцэг /эх/-ийн нэрийг дараах үндэслэлээр өөрчлөх хүсэлт гаргаж болно:

12.3.1.эцэг /эх/-ийн үе уламжлагдан ирсэн овгийг буруу тогтоож иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн бол;

12.3.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнтэй гэрлэсэн Монгол Улсын иргэн нөхөр /эхнэр/-ийн овгоор бүртгүүлэх бол;

12.3.3.эцгийн овог, нэрээр овоглож байсан иргэн эхийн овог, нэрээр овоглох, эхийн овог, нэрээр овоглож байсан иргэн эцгийн овог, нэрээр овоглох бол;

12.3.4.иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр нь иргэний баримт бичиг дэх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээс зөрүүтэй.

12.4.Иргэн өөрийн нэрийг нэг удаа өөрчилж болно.

12.5.Иргэн өмнөх овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ сэргээлгэхээр өргөдөл гаргаж болно.

12.6.Улсын бүртгэгч энэ хуулийн 12.1, 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийг хөтөлнө.

12.7.Иргэн овог, нэрээ өөрчилснийг бүртгэлд бүртгүүлсэн бол түүний овог, нэрээр овоглосон хүүхдийн иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулна.

12.8.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан арга хэмжээг авахад энэ хуулийн 12.4 дэх хэсэг хамаарахгүй.

12.9.Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчлөхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.