13 дугаар зүйл. Нас барсны бүртгэл

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

13 дугаар зүйл. Нас барсны бүртгэл

13.1.Иргэний нас барсныг энэ хуулийн 13.2-т заасан этгээд нас барагчийн иргэний үнэмлэх болон доор дурдсан баримт бичгийн аль тохирохыг бүрдүүлж, аймаг, нийслэлд 3, сум, Дипломат төлөөлөгчийн газарт 7 хоногийн дотор бүртгүүлнэ:

13.1.1.иргэний нас барсан тухай эмнэлгийн магадлагаа;

13.1.2.иргэнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр;

13.1.3.нас барсан шалтгааны тухай шүүх эмнэлгийн дүгнэлт;

13.1.4.гамшгийн улмаас хүний амь нас эрсэдсэн бол Засгийн газраас байгуулсан онцгой комиссын шийдвэр.

13.2.Дараах этгээд нас барагчийг нас барсны бүртгэлд бүртгүүлнэ:

13.2.1.нас барагчийн 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн, эсхүл эцэг, эх, эсхүл төрөл садангийн хүний аль нэг;

13.2.2.ажиллаж, суралцаж, эмчлүүлж, сувилуулж, цэргийн алба хааж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эсхүл хорих байгууллагад ял эдэлж байсан бол тухайн байгууллагын захиргааны, цогцос олдсон тохиолдолд шүүх шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан;

13.2.3.Монгол Улсын иргэн гадаад улсын нутаг дэвсгэрт нас барсан бол Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд.

13.3.Энэ хуулийн 13.2.1-д заасан этгээд нас барагчийг бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, 13.2.2, 13.2.3-т заасан эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээд бол түүнийгээ нотлох баримт бичгийг бүрдүүлнэ.

13.4.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 13.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор нас барсны бүртгэл хөтөлнө.

13.5.Нас барсны гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:

13.5.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;

13.5.2.нас барагчийн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13.5.3.нас барагчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;

13.5.4.нас барагчийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;

13.5.5.нас барагчийн иргэний харьяалал, байнга оршин сууж байсан газрын хаяг;

13.5.6.нас барсан он, сар, өдөр;

13.5.7.нас барсны бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;

13.5.8.бүртгэсэн байгууллагын нэр;

13.5.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.

13.6.Монгол Улсын нутаг дэвсгэрт нас барсан гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэлийг энэ хуульд заасны дагуу хөтөлж болно.

13.7.Нас барсны гэрчилгээг нас барагчийг бүртгүүлсэн этгээдэд нэг удаа олгоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.