26 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив
26.1.Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архивын үндсэн баримт нь төрсний, гэрлэсний, гэрлэлт дуусгавар болсны, гэрлэлт сэргээсний, эцэг /эх/ тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, биеийн давхцахгүй өгөгдлийн /гарын хурууны хээ/, хүйс өөрчлөгдсөний, иргэний үнэмлэхийн, үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны, шилжилт хөдөлгөөний, нас барсны бүртгэлийн эх нотлох баримт бичиг, иргэний улсын бүртгэлийн маягт болон регистрийн болон иргэний бүртгэлийн дугаар, иргэний улсын бүртгэлийн дэвтрээс бүрдэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
26.2.Иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн нэг хувийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний баримтын архивт, хоёр дахь хувийг орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтсийн иргэний баримтын архивт тус тус хадгална.
26.3.Энэ хуулийн 26.1-д заасан архивын баримт бичгийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглалттай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар зохицуулна.
ТАВДУГААР БҮЛЭГ ХҮН АМ, ӨРХИЙН БОЛОН СОНГОГЧИЙН БҮРТГЭЛ