8 дугаар зүйл. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

ИРГЭНИЙ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Гэрлэлт дуусгавар болсны бүртгэл

8.1.Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан үндэслэлийг хангаж байгаа, гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн иргэн дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ:

8.1.1.тус тусдаа гаргасан өргөдөл;

8.1.2.иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;

8.1.3.гэрлэлтийн гэрчилгээ.

8.2.Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулж байгаа иргэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирэх боломжгүй бол энэ хуулийн 8.1.1-д заасан өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.

8.3.Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, иргэний улсын бүртгэлд бүртгүүлнэ:

8.3.1.иргэний үнэмлэх;

8.3.2.гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр.

8.4.Гэрлэгчид Монгол Улсын иргэн, эсхүл гэрлэгчдийн хэн нэг нь гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол тэдгээр нь гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй бол тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг үндэслэн гэрлэлт дуусгавар болсныг иргэний улсын бүртгэлд бүртгүүлж болно.

8.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 8.1, 8.2, 8.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор, 8.3-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийг хөтөлнө.

8.6.Гэрлэгч нас барсны бүртгэлд бүртгэгдсэн бол гэрлэлт дуусгавар болгосныг иргэний улсын бүртгэлд бүртгэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.