7 дугаар зүйл. Гэрлэсний бүртгэл
7.1.Гэрлэхийг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлж, гэрлэсний бүртгэлд өөрийн биеэр бүртгүүлнэ:
7.1.1.тус тусдаа гаргасан өргөдөл;
7.1.2.гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
7.1.3.Гэр бүлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээний бичиг.
7.2.Иргэний хуулийн 15.2-т заасны дагуу насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон нөхцөлд энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт шүүхийн шийдвэрийг хавсаргана.
7.3.Монгол Улсын иргэн гадаадын иргэнтэй, эсхүл Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суугаа гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэр дээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол тухайн гадаадын иргэний харьяалсан улсын эрх бүхий байгууллага, эсхүл тухайн улсыг төлөөлөн ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас олгосон гэрлэлтийн байдлыг тусгасан баримт бичгийг энэ хуулийн 7.1-д заасан баримт бичигт хавсаргана.
7.4.Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан баримт бичигт тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана.
7.5.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 7.1, 7.2, 7.3, 7.4-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор гэрлэсний бүртгэлийг хөтөлнө.
7.6.Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна.
7.7.Гэрлэлтийн гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:
7.7.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;
7.7.2.эрэгтэйн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.7.3.эрэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
7.7.4.эмэгтэйн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.7.5.эмэгтэйн иргэний харьяалал, төрсөн он, сар, өдөр, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
7.7.6.бүртгэсэн он, сар, өдөр;
7.7.7.бүртгэсэн байгууллагын нэр;
7.7.8.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.
7.8.Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаан байгаа бол гэрлэлтийг бүртгэхээс татгалзана.