6 дугаар зүйл. Төрсний бүртгэл
6.1.Эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор дараах баримт бичгийг бүрдүүлж, төрсний бүртгэлд бүртгүүлнэ:
6.1.1.эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
6.1.2.хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
6.1.3.эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
6.2.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.
6.3.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдийг бүртгүүлэхэд энэ хуулийн 6.1-д заасан баримт бичгээс гадна хүүхдийг Монгол Улсын иргэнээр төрсний бүртгэлд бүртгүүлэх тухай эцэг, эх харилцан тохиролцож тус тусдаа гаргасан өргөдлийг хавсаргана.
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан хүүхдийг энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд төрсний бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн улсын иргэний харьяалал аваагүйг нотолсон эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
6.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
6.6.Эцэг, эх нь хэн болох нь тогтоогдоогүй хүүхдийг асрамжлан авах хүсэлтэй иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын төлөөлөгч тухайн хүүхэд олдсон өдрөөс хойш 2 хоногийн дотор цагдаагийн байгууллагад тэмдэглүүлнэ.
6.7.Энэ хуулийн 6.6-д заасан тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлж хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлнэ:
6.7.1.цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
6.7.2.хүүхдийн нас тогтоосон тухай шүүхийн шийдвэр, эсхүл шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлт.
6.8.Эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр энэ хуулийн 6.1-д заасан баримт бичиг болон нас барсны гэрчилгээг үндэслэн бүртгүүлж болно. Хэрэв эцэг, эх нь гэрлэсний бүртгэлд бүртгүүлээгүй бол нас барсан хүний хүүхэд мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсаргана.
6.9.Гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.
6.10.Төрснийг бүртгүүлэхээс өмнө нас барсан хүүхдийг төрсний болон нас барсны бүртгэлд бүртгүүлэхэд эцэг, эх нь энэ хуулийн 6.1-д заасан баримт бичигт хүүхэд нас барсан тухай эмнэлгийн байгууллагын магадлагааг хавсаргана.
6.11.Улсын бүртгэгч, бүртгэлийн ажилтан энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.7, 6.8, 6.9, 6.10-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 1 өдрийн дотор төрсний бүртгэл хөтөлнө.
6.12.Төрсний гэрчилгээнд дараах зүйлийг тусгана:
6.12.1.иргэний улсын бүртгэлийн дугаар;
6.12.2.хүүхдийн иргэний бүртгэлийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.12.3.хүүхдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
6.12.4.хүүхдийн төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар;
6.12.5.төрсний бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;
6.12.6.эцгийн иргэний харьяалал, иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.12.7.эхийн иргэний харьяалал, иргэний бүртгэлийн дугаар, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.12.8.бүртгэсэн байгууллагын нэр;
6.12.9.улсын бүртгэгч /бүртгэлийн ажилтан/-ийн гарын үсэг, бүртгэлийн тэмдэг.
6.13.Ихэр хүүхдийн төрсний бүртгэлийг дараалан бүртгэж, төрсний гэрчилгээг тус бүрд олгоно.
6.14.Энэ хуулийн 6.5-д заасан өргөдөл гаргаагүй, эсхүл эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэл хөтөлнө.
6.15.Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг эцэг, эхийн тохиролцсоноор гадаадын иргэн, харьяалалгүй эцэг /эх/-ийн овгоор энэ хуульд заасны дагуу төрсний бүртгэл хөтөлж болно.
6.16.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, иргэний бүртгэлийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.17.Төрсний бүртгэлд бүртгүүлэхээс өмнө хүүхэд нас барсан бол эмнэлгийн байгууллагын магадлагааг үндэслэн төрсний болон нас барсны бүртгэлийг хөтөлнө.