5 дугаар зүйл. Иргэний улсын бүртгэл хөтлөх
5.1.Иргэний улсын бүртгэлийг монгол хэл дээр хөтөлнө.
5.2.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс, тасгийн улсын бүртгэгч /цаашид "улсын бүртгэгч" гэх/, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын иргэний улсын бүртгэл хариуцсан ажилтан /цаашид "бүртгэлийн ажилтан" гэх/ нь иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн энэ хуульд заасны дагуу хөтөлнө.
5.3.Иргэний улсын бүртгэлд бүртгэхээс зөвхөн хуульд заасан үндэслэлээр татгалзана.
5.4.Иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхэд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хураамжийг төлнө.
5.5.Хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газар /цаашид "Дипломат төлөөлөгчийн газар" гэх/-ын бүртгэлийн ажилтан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6.1.1, 6.1.2, 6.1.3, 6.1.4, 6.1.5, 6.1.8, 6.1.9, 6.1.10, 6.1.11-д заасан иргэний улсын бүртгэлийг хөтөлнө.
5.6.Үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, хүйс өөрчлөгдсөний, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлээс бусад иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэнэ.
5.7.Гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбоотой иргэний улсын бүртгэлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний орон нутаг дахь улсын бүртгэлийн газар, хэлтэс бүртгэнэ.
5.8.Иргэний улсын бүртгэл хөтлөх журам болон иргэний төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээний загварыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5.9.Энэ хуулийн 5.5-д заасан иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх журмыг улсын бүртгэлийн болон гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
5.10.Энэ хуулийн 5.8-д зааснаас бусад баримт бичгийн загвар, маягт, регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
5.11.Гадаад хэл дээр байгаа баримт бичиг нь албан ёсны орчуулгын хамт иргэний улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт бичиг болно.
5.12.Монгол Улсын иргэн бүр регистрийн болон иргэний бүртгэлийн дугаартай байна. Иргэний бүртгэлийн дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, төрийн байгууллагаас олгох бусад баримт бичигт бичигдэнэ. /Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5.13.Иргэний улсын бүртгэлийн маягт, гэрчилгээний дугаар нь энэ хуулийн 4.1.3-т заасан иргэний улсын бүртгэлийн дугаартай адил байна.
5.14.Иргэний улсын бүртгэлийг цахим хэлбэрээр хөтөлж болох бөгөөд энэ хуульд заасан нийтлэг журам нэгэн адил хамаарна.