10 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэх
10.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэх бөгөөд нэг нэгж талбарт нэг хувийн хэрэг нээж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг уг нэгж талбар газрын эрхтэй нэг бүрдлээр бүртгэнэ.
10.2.Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ.
10.3.Эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа бүртгэхэд дараах мэдээллийг тусгана:
10.3.1.газрын эрх олгосон шийдвэрийн он, сар, өдөр, дугаар, хугацаа;
10.3.2.нэгж талбарын дугаар, газрын хэмжээ, зориулалт, хаяг, байршил;
10.3.3.газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;
10.3.4.тухайн нэгж талбар газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хэмжээ, зориулалт, ашиглалтад орсон он, сар, өдөр, үнэ;
10.3.5.үл хөдлөх эд хөрөнгийн хийц, ус болон эрчим хүчний эх үүсвэрийг мэдүүлэг гаргагчийн тодорхойлсноор;
10.3.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нь иргэн бол иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.3.7.мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;
10.3.8.бүртгэлд тусгахаар хуульд заасан бусад мэдээлэл.
10.4.Дундаа хэсгээр өмчлөгч нь тэдгээрт ногдох хувийг мэдүүлэг болон нотлох баримтад тодорхойлсон бол тус бүрд ногдох хувийг эрхийн улсын бүртгэлд тусгана.
10.5.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгүүлэхэд холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.
10.6.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана:
10.6.1.өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг;
10.6.2.газар өмчлөх эрх олгосон шийдвэр;
10.6.3.газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг;
10.6.4.иргэнд өмчлүүлсэн газрын хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт;
10.6.5.барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг;
10.6.6.тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг;
10.6.7.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
10.6.8.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт.
10.7.Өмчлөгч нь иргэн бол иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, үүсгэн байгуулах баримт бичиг, дүрмийг улсын бүртгэгч цахим мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгах бөгөөд боломжгүй тохиолдолд мэдүүлэг гаргагчаас иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг авч, мэдүүлэгт хавсаргана.
10.8.Улсын бүртгэгч нэгж талбарын кадастрын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч, нягтлан шалгана.
10.9.Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаас бусад төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх журмыг энэ хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн Засгийн газар батална.
10.10.Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ.