11 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх

ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэх

11.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн шилжилтийг бүртгэхэд эрхийн улсын бүртгэлд дараах мэдээллийг тусгана:

11.1.1.мэдүүлэг гаргасан он, сар, өдөр;

11.1.2.эрх шилжүүлэн авч байгаа этгээд нь иргэн бол иргэний овог, эцэг, /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, хуулийн этгээд бол түүний оноосон нэр, улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.3.гэрээ, хэлцлийн нэр, төрөл;

11.1.4.эрх бүхий этгээдийн шийдвэрээр эрх шилжиж байгаа бол шийдвэрийн нэр, он, сар, өдөр, дугаар;

11.1.5.хөрөнгийн үнэ.

11.2.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол гэрээ, хэлцлийн эх хувийг хувийн хэрэгт хавсаргана.

11.3.Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч, эзэмшигч, ашиглагч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана.

11.4.Энэ хуулийн 11.3-т заасан нөхцөл үүсвэл эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдэд улсын бүртгэлийн байгууллага энэ тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.5.Албадан дуудлага худалдаагаар худалдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай мэдүүлгийг уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан этгээд гаргах бөгөөд мэдүүлэгт дуудлага худалдаагаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэр, гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана.

11.6.Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхээс гадуур шууд худалдсан бол худалдах, худалдан авах гэрээ, шүүхээс гадуур албадан дуудлага худалдаагаар худалдсан бол дуудлага худалдааны тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасны дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож авсан бол энэ тухай тэмдэглэл, тэдгээртэй холбогдох бусад баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана.

11.7.Үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг өөр этгээдэд шилжүүлэхэд нэгж талбарын дугаар бүхий кадастрын зураг, гэрээнд оролцогч талуудын гарын үсгээр баталгаажуулсан шилжиж байгаа болон үлдэж байгаа хэсгийн барилга байгууламжийн зураг төслийг мэдүүлэгт хавсаргана.

11.8.Дундаа хэсгээр өмчлөгч этгээд өөрт ногдох хэсгээ бусдад гэрээ, хэлцлийн үндсэн дээр шилжүүлэх тухай мэдүүлэгт дундаа хэсгээр өмчлөгч бусад этгээд нь тухайн хэсгийг шилжүүлэн авахаас татгалзсан, эсхүл Иргэний хуулийн 108.7-д заасан хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд мэдүүлэгт давуу эрхтэй этгээдийн эрхийг зөрчөөгүй тухай баримтыг хавсаргана.

11.9.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.